
1. Авлига цэцэглэнэ.
Татварынхан ингэж ярина. Уг нь манайх татвар бага авдаг орнуудын тоонд ордог. Гэхдээ компаниуд татвараа нуугаад байгаа. Далд эдийн засаг их байгаа, бид илрүүлээд л, торгоод л байгаа. Ийм учраас төрийн төсөв түнтийхгүй байна гэж бидэнд ойлгуулна. Ингэхэд компаниуд яагаад татвараа нуугаад байдаг юм бол?
Төр төмөр нүүртэй. Төрийн түшмэл хоёр нүүртэй. Төрийн төмөр нүүр юу вэ? гэвэл хууль, Төрийн түшмэлийн 2 нүүр юу вэ?гэвэл хууль бас авлига. Зарим нь хуулийг биелүүл, эвсэл авлига өг гэсэн зарчимтай. Зарим нь хуулийг биелүүлсэн ч эс биелүүлсэн ч авлига өг гэсэн зарчимтай.
Тэд яаж авлига аваад байна вэ?
Тэд компаниудыг үйл ажиллагаа явуулахын тулд элдэв лиценз, тусгай зөвшөөрлүүдтэй байхыг шаарддаг. Түүнийг нь авъя гэхээр авлига нэхдэг.
Тэд төрийн ажлыг компаниудаар хийлгэнэ гээд тендер зарладаг. Тендерийг нь авъя гэхээр авлига нэхдэг.
Тэд дэд бүтцээ сайжруулна гээд компаниудаар зам тавиулдаг, бүтээн байгуулалт хийлгэдэг. Мөнгөө өгөх болохоор 5-10 хувийг нь авлигад суутгаж авдаг. Тиймээс зам муу тавигддаг. Муу тавигдсан замыг авлига авсан нөхөр хүлээж авдаг, хянаж шалгадаг...
Тэд компаниудыг татвараа хуулийн дагуу тооцоолоогүй байна гээд торгууль, акт тавьдаг. Гэхдээ торгууль бага төлж болно, харин бидэнд авлига өг гэдэг. Ингээд л авлига өглөг. Авлига өгөөд шийдчихдэг учраас татвараа бага төлж болдог, авлига өгсөн учраас муу зам тавьдаг, авлига өгсөн учраас тендерийн ажил чанаргүй болдог.
Байгууллагууд төрдөө татвараа нуусан тайлан гаргаж өгдөг. Нуухаас ч өөр арга байхгүй. Учир нь ажил гүйлгээ нь анхан шатны баримтаар баталгаажигдсан байх ёстой. Гэтэл анхан шатны баримт бүрдүүлэх хэцүү. Авлигад өгсөн мөнгө нэг баримтгүй, тамга тэмдэггүй хувь хүмүүсээс авсан бараа ажил гүйлгээ бас баримтгүй. Үүнийг бүртгэж болохгүй. Бүртгэхгүй бол бодит гарсан зардал буурна. Зардал буурахаар ашиг өндөрсөнө. Ашиг өндөрсөхөөр татвар нэмэгдэнэ. Гэтэл бодит байдал дээр ашиг тийм ч сайн биш байдаг. Иймээс ашиг багатай ажиллачхаад өндөр татвар төлөхгүйн тулд борлуулалтаа нууна. Ингээд л далд эдийн засгийг хөгжүүлэхэд хүссэн ч эс хүссэн ч хувь нэмрээ оруулж эхэлнэ. Татвараа үнэнээр тодорхойлъё, тайлангаа үнэн гаргая гэж хүсэвч ингэж хясна. Тэгээд татварын шалгалт орж ирнэ. Ингэсэн байна, тэгсэн байна, торгоно гэнэ. Өндөр торгох гээд байвал авлига өгнө, авна. Ингэж л асуудал шийдэгддэг.
Авлига өгмөөргүй байдаг. Гэтэл байцаагч түшмэд өндөр торгох гээд байдаг. Торгуулахгүй байя гэхээр ашиггүй шахуу ажиллачхаад хэтэрхий өндөр татвар төлөх гээд байдаг. Шалтгаан юунд байна гэхээр нөгөө авлига, нөгөө баримт бүрдүүлэхэд хэцүү ажил гүйлгээнүүд.
2. Шударга бус байдал бий болно.
Бизнесийг компани байгуулж хийж болно. Компани байгуулахгүйгээр ч хийж болно. Ялгаа нь юу вэ гэвэл: Компани байгуулахгүйгээр бизнес хийвэл Санхүү, татварын тайлан гаргахгүй байж болдог, бас татвар төлөхгүй байж болдог. Яагаад болдог гэхээр татварынхан хувь хүнийг тэр бүр шалгаад байдаггүй. Эндээс шударга бус байдал бий болдог. Компани байгуулсан хүмүүс нь тайлан гаргаж татвар төлж хохирдог. Татвар төлдөг учраас ашгаа бодож барааныхаа үнийг нэмдэг. Харин компани байгуулаагүй хүмүүс нь татвар төлдөггүй учраас барааных нь үнэ нь хямд байдаг. Тиймээс борлуулалт нь компаниудынхаас илүү байдаг.
Ингээд хүмүүс хямд үнэтэй барааг авдаг. Гэтэл хямд үнэтэй бараанд нь падаан, пактур байдаггүй. НББ-ийн тухай хуулийн 7.7.-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.”гэж заасан байна.Иймд байгууллагууд баримтгүй ажил гүйлгээг бүртгэж болдоггүй. Болохгүй учраас 2 тайлан гаргадаг. 2 тайлан гаргадаг учраас татвараа нуудаг. Татвараа нуудаг учраас торгуулдаг, харин бага торгуулахын тулд авлига өгдөг.
Дүгнэлт:
Авлига буй дор далд эдийн засаг буй.
Далд эдийн засаг буй дор авлига буй.
Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг Аудит ХХК) хандаарай.
Утас: 7013-1044, 