НАМЖИЛ ГЭЖ ХЭН БЭ?

Намжил гэж хэн бэ?

Бид 2011 оноос хойш Намжил цуврал гаргаж эхэлсэн билээ.
Намжил бол жижиг, дунд бизнес эрхлэгчийг төлөөлөх (персона) бөгөөд нэг хүн олон үүрэг гүйцэтгэн (жолооч, нярав, захирал, нябо), санхүүгийн мэдлэгээ ахиулж, ил тод байдал руу алхаж, эцэст нь хөрөнгө оруулагчдад итгэл өгдөг бизнесийн эзэн болж төлөвшиж буй дүр. Гэвч түүний бизнест юу тохиолдох бол?

1. Шинэ үеийн Царцаа Намжил (2011)
---

Бидний мэдэх эргүү тэнэг Царцаа Намжил орчин үед шинэ дүрээр эргэн ирлээ.
Тэрээр сургуульд сурч эрдэм ном хөөсөн боловч багшдаа хөөгдөнө. Багш нь түүнд “Амьдрал чамд юу заахыг анзаарч яв, Амьдралаа авч явах эрдэм тэр болог” гэж хэлнэ. Ингээд сургуулиасаа хөөгдсөн Намжил хэрхэн ажилд орж улмаар Сарын шилдэг ажилтан болсныг Шинэ үеийн Царцаа Намжил цувралаас сонирхоорой.


Сургамж: Хандлага + сахилга бат = санхүү, ажлын амжилтын суурь

2. Намжил нягтлан болсон нь (2014)
---

Намжил хувийн бизнес хийхээр сэтгэл шулуудна. Мань эр компанийн Захирал гэсэн том нэртэй боловч Жолооч, Нярав, Ачигч, НяБо, Захирал гээд хэд хэдэн дүрд хувирна. Халаасаар нь дүүрэн баримт тооцооныхоо учрыг ойлгохоо больсон Намжил НяБо болохоор хатуу шийдэж их сургуульд сурахаар шийднэ. Ингээд Намжил хэрхэн НяБо болсныг сонирхоорой.

Сургамж: Бүртгэл бол бизнесийн хэл; албан ёсны мэдлэг эрсдэлийг бууруулна.

3. Намжил нягтлан авсан нь (2015)
---

Үндсэн ажлынхаа хажуугаар НяБо хийх болсон Намжил ажил нь барагдахгүйгээ ухааран НяБо авахаар шийднэ. НяБо ч ажилдаа орж, Намжил ч сэтгэл амар бизнесээ хийх болж. Хэдэн жилийн дараа татварын албанаас гэнэт залгаж шалгалтанд орох болсныг дуулгана. Туршлагатай гээд байсан НяБо нь будилаан гэгчийг жинхэнэ хутгасан байв. Ингээд бөөн акт торгуульд унасан Намжил хэрхэн хүндрэлээс гарахаа бодон нойргүй хононо.

Сургамж: Гадаад/дотоод нягтлангийн чанарын эрсдэл; шалгалтын эрсдэл бодит

4. Намжил ил тод болсон нь (2017)
---

Намжилын бизнес томрон томорсоор... Олон жил өөрөөсөө ч нууж хааж явсан баримт сэлт нь том хар сэйфэнд нь хав дараастай. Татвар гааль, Нийгмийн Даатгал, Шүүх цагдаа, Өрсөлдөгч гээд бүх зүйлээс айж явдаг болжээ. Гэтэл ашгүй Ил тодын тухай хууль гээч нь гарч нууж хааж явсан хөрөнгө, орлогоо мэдүүлж бизнесээ ил тод болгох боломж гарчээ. Ингээд Намжил цаашид ч ил тод байхаар сэтгэл шулуудаж Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг рүү утас цохино.

Сургамж: Ил тод байдал нь урт хугацааны нэр хүнд, өсөлтийн түлхүүр

5. Намжил аудит хийлгэсэн нь (2022)
---

Тэнгэр түшсэн том барилгын оройд нь байрлалтай том компанийн толгой захирал болсон Намжил компанидаа хөрөнгө оруулалт их хийсэн учраас Санхүүгийн тайлан тооцоогоо нөгөөдүүлдээ тайлагнаж, ам мурийдаг ажилтай болжээ. Тайлангийн хурал дээр хөрөнгө оруулагчид, Наад үнэн худал нь мэдэгдэхгүй тоонуудад чинь итгэхгүй байна гэж хэлсэн нь Намжилыг үүсгэн байгуулсан компаниасаа гарахад хүргэнэ гэж яахан мэдэх билээ.

Сургамж: Аудит = итгэлцэл; хөрөнгө оруулалт татах гол хүчин зүйл