AUDIT CUP 2020
Аудитын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Audit CUP-2020" спортын тэмцээн 2020 оны 10 сарын 24, 25-ны өдрүүдэд “Чухаг” спорт төвд болж өнгөрлөө. Тэмцээнийг спортын 5 төрлөөр ММНБИ, Грант торнтон Аудит ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд 39 аудитын байгууллагын 17 баг тамирчид "Play hard stay True" уриан доор нэгдэн оролцсон юм.
"Audit CUP-2020"-ын нээлтэд ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин, гүйцэтгэх захирал Д.Нацагдорж, дэд захирал Ш.Энхтөвшин, Грант Торнтон Аудит ХХК-ийн захирал, гавъяат эдийн засагч Б.Осоргарав болон аудитын компанийн захирлууд, баг тамирчид оролцлоо.
Тэмцээн нь ММНБИ-ийн гишүүн-аудитын компанийн ажилтнуудын спортын ур чадварыг дээшлүүлэх, спортын шилдгүүдийг нээн илрүүлэх, баг хамт олны нэгдмэл байдал, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх зорилготой.
Энэ жилийн тэмцээний тэргүүн байрыг 65,5 оноогоор Пантер Мидланд АудитХХК, Монголын Үндэсний Тайлагнал Аудит ХХК-ийн хамтарсан МИП баг эзэлж, шилжин явах цомыг хүртлээ. Ингэснээр Пантер Мидланд Аудит ХХК 3 дахь удаагаа тус цомыг хүртэж түүхэн амжилт үзүүллээ. Удаах байруудыг 60 оноогоор Грант Торнтон Аудит ХХК, ЦЭСБ Аудит ХХК, Өндөрхаан итгэл Аудит ХХК-ийн хамтарсан GT Plus баг, 56,6 оноогоор ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР-ын Төрийн Аудит багууд тус тус эзэллээ.
Мэжик консалтинг аудит ХХК-ний “МЭЖИК” баг эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медалийн болзол хангалаа.
Тэмцээнд амжилт үзүүлсэн нийт баг тамирчиддаа амжилт хүсье.