Захирлын мэндчилгээ

Та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая.

2004 оноос эхлэн хурдан шуурхай санхүүгийн тайлан тооцоо гаргадаг болох тухай, мөн санхүүгийн тайлан дээрээ үндэслэж компани хүний нөөц болон капиталаа хэрхэн зөв удирдаж болох тухай бодож эхэлсэн билээ.

Учир нь тухайн үед санхүүгийн програм гэх ойлголт сайн хөгжөөгүй, ихэнх хүмүүс EXCEL програм ашигладаг боловч хүснэгт боловсруулж SUM томьёо татах төдий ашигладаг байсан.

Мөн цөөнх компаниуд санхүүгийн тайлан дээрээ үндэслэн чухал шийдвэрүүд гаргаж байхад, ихэнх компаниуд “Нягтлан бодогчийг татвар нуудаг ажилтан, санхүүгийн тайланг татварын байцаагч ирж шалгахад үзүүлэх баримт төдийхнөөр ашиглаж” байгааг анзаарч ЯАГААД гэх асуултын хариуг хайдаг байсан.

Гэвч энэхүү бодол маань санхүүгийн үйлчилгээний зах зээлд өөрийн гэсэн мөрөө үлдээх компанийг бий болгоно гэж төсөөлж байсангүй.

Манай хамт олон санхүү НББ-ийн сургалт, Аудит баталгаажуулах үйлчилгээ, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, Санхүүгийн програм хангамж, Хөрөнгийн үнэлгээ гэсэн санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа  амжилттай явуулж байна.

Бидний түүх санхүүгийн тайланг хамгийн хурдан, хялбар аргаар гаргах аргачлалыг боловсруулж 2007 онд Мэжик чойс сургалтын төвийг нээн ажиллуулснаар эхэлсэн.

Энэ нь дараа дараагийн компаниудыг байгуулж “Мэжикийн гэр бүл” гэх хамт олныг бий болгох эхлэлийг тавьж өгсөн билээ.

Одоогийн байдлаар бид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 4-н салбартай, нийт 1300 гаруй удаагийн төгсөлтөөр 10,000 орчим хүнийг санхүүгийн чиглэлээр сургаж төгсгөсөн, 2000 орчим идэвхтэй санхүүгийн програмын хэрэглэгчидтэй болсон, жил бүр 200 гаруй компаниудад аудит, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, 40 орчим байгууллагуудтай “Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний тухай” гэрээ байгуулан ажиллаж байгаа, 100 гаруй хувь хүн, байгууллагуудад банк бус санхүүгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өдгөө “Мэжикийн гэр бүл” бид санхүүгийн үйлчилгээний салбарт өөрийн гэсэн байр суурийг эзэлж, жилд 200 сая гаруй төгрөгийн татвар, нийгмийн даатгал төлж улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байна.  

Бид санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг чадварлаг боловсон хүчин бүрдүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилж явуулах ёстой, энэ нь бидний салбартаа оруулах хувь нэмэр, үүрэг хариуцлага гэж ойлгодог.

Тиймээс 2015 оноос хойш дотооддоо XAMT ERP системийг хөгжүүлж, илүү хяналттай, илүү ойлгомжтой, илүү хурдтай, илүү тооцоололтой үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна. Мөн ажлын орчин нөхцөл, ашиглаж байгаа тоног төхөөрөмжөө илүү сайжруулан, чадварлаг хамт олон бүрдүүлэн ажиллаж байна.

Бид манай харилцагч байгууллагууд, манай үйлчилгээг сонгосон хувь хүмүүст үргэлж талархдаг бөгөөд санхүүгийн үйлчилгээг боловсронгуй болгож сайжруулах үйлст биднийг хөтөлсөн хамтран зүтгэгчид гэж үнэлдэг билээ.

Тиймээс бидний өнөөдрийн гаргасан ололт бүхэн хамт олны маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй, харилцагч нэг бүрийн итгэлийн үр дүн гэдгийг хэлэхэд таатай байна.

“Мэжикийн гэр бүл” ийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал:

С.Мөнхбаяр