Санхүүгийн тайлан гэж юу вэ?
Энэхүү нийтлэлийг уншсанаар доорх мэдээллийг авах боломжтой. Үүнд:
- Санхүүгийн тайлан гэж юу вэ? Яагаад чухал байдаг вэ?
- Санхүүгийн тайланг хэрэглэгч нь хэн байдаг вэ? Хэрэглэгч бүрт зориулж өөр өөр тайлан гаргах ёстой юу?
- Санхүүгийн тайлангаас ямар мэдээлэл авч болох вэ? Юуг нь харах ёстой вэ?
- Санхүүгийн тайлан гаргах процесс байгууллага бүр дээр адилхан байх уу?
Санхүүгийн тайланг гаргах гэдэг нь нягтлангийн хийх ёстой ажил, харин гаргасан тайланг уншиж хэрэглэх нь, удирдлагын шийдвэр гаргахад ашиглах нь захиралын хийх ёстой ажил билээ. Иймд байгууллагын удирдах албан тушаал эрхэлж байгаа хүмүүст энэхүү нийтлэл зориулагдсан болно.
1. Санхүүгийн тайлан гэж юу вэ? Яагаад чухал байдаг вэ?
Санхүүгийн тайлан бол нягтлан бодогч хүний гаргаж байгаа эцсийн бүтээл мөн. Энэ бүтээлийг эзэмшигч нь компаний удирдлага. Удирдлагын санхүүгийн тайланг харах өнцөг ямар байхаас шалтгаалж санхүүгийн тайлан сайн муу янз бүр хийгдсэн байж болно. Ингээд санхүүгийн тайланг 2 янзаар тайлбарлаж үзье.
1-т, Санхүүгийн тайлан бол үнэт цаас. Хэрэв танай санхүүгийн ажилтнуудын зардал жилд 20 сая төгрөг болдог гэвэл энэ бол 20 сая төгрөгний өртөгтэй үнэт цаас юм. Гэхдээ санхүүгийн тайланг өнгөрсөн хугацааны ажлын үр дүнг үнэлэхэд, ирээдүйн шийдвэр гаргахад ашигладаг бол үнэт цаас юм.
2-т, Санхүүгийн тайлан бол А4 цаас. Тийм биш бол санхүүгийн тайлан бол дөрвөн ширхэг 40 төгрөгний үнэтэй А4 цааснаас ялгаагүй зүйл. Өөрөөр хэлбэл: Байгууллагын удирдлага санхүүгийн тайлангийн талаар ойлголт муу бол, дүгнэж цэгнэхгүйгээр гарын үсэг зурдаг бол санхүүгийн тайлан үнэ цэнэгүй зүйл. Ийм байгууллагын хувьд нягтланд өгч байгаа цалингийн зардал байгууллагад үргүй зардал юм.
Харин санхүүгийн тайланг үнэт цаас гэж хардаг байгууллагын хувь нягтланд өгч байгаа цалингийн зардал нь биет бус хөрөнгө юм. Хөрөнгө бол байгууллагад ямар нэг хэмжээгээр өгөөжөө өгч байдаг зүйл билээ.
Оюутан хүнийг хэр амжилттай сурч байгааг дүнгийн хуудаснаас нь харж болно. Харин компанийг хэр амжилттай явж байгааг санхүүгийн тайлангаас нь харж болно. Тиймээс санхүүгийн тайланболдүнгийн хуудас.Дүнгийн хуудасгүй оюутан байж болохгүйтэй адил санхүүгийн тайлангүй байгууллага гэж байж болохгүй юм. Тиймээс бизнест байнга ашиг олохын тулд санхүүгийн тайлангаа дүнгийн хавтгай болгох явдал чухал юм.
2. Санхүүгийн тайланг хэрэглэгч нь хэн байдаг вэ? Хэрэглэгч бүрт зориулж өөр өөр тайлан гаргах ёстой юу?
Ихэвчлэн санхүүгийн тайлангийн хэрэглэгч нь 1-рт төр, 2-рт хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчид байдаг. Энэ 2-ын санхүүгийн тайланг гаргах сонирхол 2 өөр байдаг.
Төрийн сонирхол:
Төр бол байгууллагуудыг төлөх татвараа хуулийн дагуу зөв тодорхойлж төлсөн байхыг шаарддаг. Үүнийхээ дагуу татварын шалгалт оруулдаг. Зөрчсөн бол акт торгууль тавьдаг. Ингэж улсын төсөв бүрддэг.
Татварын зорилгоор гаргасан санхүүгийн тайлангийн сул тал: Татварын зорилгоор гаргасан санхүүгийн тайлангаар НББ-ийн хөтлөлтөнд олон улсын стандартыг мөрдөх бодлого алдагддаг.Мөнүйл ажиллагааны бодит үр дүнг тодорхойлж чадахгүй сөрөг үр дагавартай.Иймдмэдээллийн үнэн зөв байх зарчим хангагддаггүй.
Тиймээс зарим байгууллагууд хөрөнгө оруулагчдад зориулж тусдаа тайлан гаргадаг.
Хувь нийлүүлэгчдийн сонирхол:
Хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн гол сонирхож байгаа зүйл бол ашигт ажиллагаа, төлбөрийн чадвар байдаг.
Иймд санхүүгийн тайланг үнэн зөв гаргасан эсэхийг нягталж байх ёстой. Учир нь буруу гаргасан тайлангаас гарч болох эрсдэл өндөр байдаг.Санхүүгийн тайланг үнэн зөв гарсан эсэхийг хэрхэн шалгах тухай “1-р гарын үсэг зурахын өмнө”нийтлэлээс уншина уу.
3. Санхүүгийн тайлангаас ямар мэдээлэл авч болох вэ? Юуг нь харах ёстой вэ?
Санхүүгийн тайланг байгууллагын амжилтыг харах толь гэж үздэг. Ялангуяа санхүүгийн тайлан дотроос “Орлого үр дүнгийн тайлан”-г аль болох дэлгэрэнгүй гаргах хэрэгтэй. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Үр дүнгийн тайлан”гэсэн нийтлэлийг олж уншаарай. Үнэн зөв, дэлгэрэнгүй гаргасан санхүүгийн тайланнь зардлаа хэмнэх, орлогоо нэмэгдүүлэх, ашигт ажиллагаандаа хяналт тавих, цалин урамшуулал нэмэх, хасах, ногдол ашиг олгох зэрэг олон шийдвэрүүдийг зөв гаргахад нөлөөлж байдаг.
Санхүүгийн тайлан нь 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд: Санхүүгийн байдлын тайлан буюу баланс, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан.
Нэг.Санхүүгийн байдлын тайлан буюу баланснаас харах ёстой зүйлс:
- Тухайн компани хэр хэмжээний эргэлтийнболон эргэлтийн бус хөрөнгөтэйг;
- Уг хөрөнгөө ямар эх үүсвэрээр санхүүжүүлсэнийг;
- Компаний эзэн компанидаа хэр хөрөнгө оруулалт хийсэн, компани нь байгуулагдсан цагаас эхлэн ямар хуримтлагдсан ашигтай, алдагдалтай ажилласаныг;
- Ашигтай ажилласан бол ашгаа хэрхэн зарцуулсаныг, алдагдалтай ажилласан бол алдагдлаа ямар эх үүсвэрээс нөхсөнийг мэдэх боломжтой.
- Хэр хэмжээний өр төлбөртэй, өр төлбөрөө хэдийн хугацаанд төлөх чадвартайг харж болно. Өөрөөр хэлбэр төлбөрийн чадвар сайтай эсэхийг харах боломжтой.
Хоёр.Орлого үр дүнгийн тайлангаас харах ёстой зүйлс:
Тухайн тайлант хугацаанд ямар орлого зардал болон ашигт ажиллагаатай ажилласаныг харна.
Нийт дүнгээр нь орлого зардал ашгийг гаргах амархан. Орлого үр дүнгийн тайланг дэлгэрэнгүй байдлаар гаргах тусам тухайн компаний ажиллагааг илүү таньж мэдэх боломжтой. Жишээ нь: Ямар ямар орлого олсон, тухайн орлогыг олохын тулд ямар ямар зардал гаргасан, орлого зардал бүрээс ямар ашиг олсон гэх мэт. Өөрөөр хэлбэл хэд хэдэн төрлийн орлого олдог компаний хувьд /ресторан, бар, зочид буудал г.м/ орлого зардал бүрийг тус тусад нь, сар сараар задалж харуулбал энэ нь үнэ цэнэтэй мэдээлэл болдог.
Хэрэв зарим орлого нь 100 төгрөг олохын тулд 100-гаас илүү төгрөгний зардал гаргаад байвал уг орлогыг зогсоох, эсвэл бүр нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Энэ арга хэмжээг авахын тулд орлогын тайланг нарийвчилж гаргах ёстой байдаг.
Дээр дурдсаны дагуу орлого олдог эх үүсвэр бүр дээр тус тусад нь орлого, зардал, ашигт ажиллагааг гаргахгүй бол аль орлого нь илүү үр өгөөжөө өгч, аль нь үр өгөөжөө өгөхгүй байгааг мэдэх боломжгүй.
Үүнээс болж тухайн компаний бизнес чухам юун дээр алдаад байгааг мэдэхэд хүндрэлтэй болдог.
Гурав. Өмчийн өөрчлөлтийн тайлангаас харах ёстой зүйлс:
- Компаний эзэн компанидаа хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийснийг,
- Компани байгуулагдсан цагаас эхлэн ямар хуримтлагдсан ашигтай, алдагдалтай ажилласаныг;
- Тайлант хугацаанд ямар ногдол ашиг зарласныг;
- Компаний эзний цэвэр хөрөнгийг харах боломжтой.
Өмчийн өөрчлөлтийн тайлангийн мэдээллийг Санхүүгийн байдлын тайлангийн эзэмшигчдийн өмч гэсэн хэсгээс мөн харж болно.
Дөрөв. Мөнгөн гүйлгээний тайлангаас харах ёстой зүйлс:
Мөнгөн гүйлгээний тайлангаас байгууллага мөнгийг хэрхэн олж хэрхэн зарцуулсаныг харах боломжтой. Тухайлбал:
- Үйл ажиллагааны орлогоороо үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлээд цаана нь + эсвэл – мөнгө үлдэж байгааг харна. /+ бол орлогоороо зардлаа санхүүжүүлж чадаж байна, - бол чадахгүй байна гэсэн үг/ Үүнийг үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ гэдэг.
- Эргэлтийн бус хөрөнгө зарсан дүнгээс эргэлтийн бус хөрөнгө авсан дүнг хасч цаана нь + эсвэл – мөнгө үлдэж байгааг харна. /+бол эргэлтийн бус хөрөнгөө бууруулсан байна, - бол эргэлтийн бус хөрөнгөө нэмэгдүүсэн “компанидаа хөрөнгө оруулалт хийсэн байна”гэсэн үг./ Үүнийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ гэдэг.
- Зээлийн эх үүсвэрээс зээл төлөлт, ногдол ашигт олгосон мөнгийг хасч цаана нь + эсвэл – мөнгө үлдэж байгааг харна. /+бол зээлээр санхүүжилт хийсэн байна, өр төлбөр нэмэгдсэн байна -бол зээл төлөлт, ногдол ашигт төлсөн мөнгө их байна гэсэн үг/ Үүнийг санхүүжилтийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ гэдэг.
4. Санхүүгийн тайлан гаргах процесс байгууллага бүр дээр адилхан байх уу?
Нягтлан бодогч санхүүгийн тайлан гаргахын тулд анхан шатны баримт бүрдүүлэлт, цэгцлэлтээс эхлээд туслах тайлангуудыг гаргах, тооллого тооцоо хийх, санхүүгийн ажилтнуудаа хянах зэрэг олон шатлалтай ажлуудыг хийх шаардлагатай болдог. Томоохон газруудад бол хэд хэдэн нярав, туслах нягтлангуудын хийсэн ажлуудыг ерөнхий нягтлан бодогч нэгтгэж санхүүгийн тайлан гаргадаг.Энэ нь нэг нэгнээсээ шалтгаалсан ажил байдаг тул багийн зохион байгуулалт, ажлын туршлага хэрэгтэй байдаг.
Харин жижиг байгууллагад бол нягтлан бодогч бүх ажлуудыг ганцаараа хийдэг. Иймд харьцангуй хурдан хугацаанд санхүүгийн тайланг гаргах боломжтой.
Нягтлан, няравын хийдэг ажилтай холбоотой мэдээллийг”Няравын ажил баримтнаас, Нягтлангийн ажил няраваас”нийтлэлээс олж авна уу.
Эцэст нь дүгнэхэд, нягтлан бодогч нь санхүүгийн тайланг гаргасан болдог /үнэн гаргасан эсэх нь эргэлзээтэй/, захирал нь гарын үсэг зурсан болдог /цаашид уг санхүүгийн тайланг бизнестээ ашиглах эсэх нь эргэлзээтэй/ бол санхүүгийн тайлан нь дөрвөн ширхэг А4 цаас төдий зүйл, эс бөгөөс байгууллагын үйл ажиллагааг үнэлж цэгнэх оношлогооны бичиг, үнэ цэнэтэй биет бус хөрөнгө билээ.
Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.
Утас: 7013-1044,