Санхүүг ялах уу? ялагдах уу? хэмээх 1-р хэсэг

Хүн болж төрөөд, хөрстийн тоос босгож яваа хэн боловч өөрийн амьдрал ахуйгаа сайжруулах, эрүүл саруул амьдрах, өнгөтэй өөдтэйг эдлэх, өлтэй сайхныг идэхийн тулд яалт ч байхгүй энэхүү мөнгө хэмээгчтэй холбогдож л таарах юм даа.

Эхээс төрөхтэй хамт л өлгий, чивх, шинэ шөл гээд надаас үл хамаарсан их мөнгөний асуудал босч байсан байгаа юм. Би өөрөө сайн мэдэхгүй л дээ. За тэгээд түүнээс хойш хөтөвч, хэтэвч, хөнжил, гудас гээд юу эс хэрэгтэй болохов дээ. Би энэ мөнгийг өөрөө олдоггүй ээж, ааваасаа авчихдаг байсан болохоор мөнгө гээч нь, бүх зүйлийг бүтээгч бирдийн их хүчний хажуугаар, “БИ” гээч хүнээс ямар их ухаан, мэдлэг, хүч, хөдөлмөр шаарддагийг ойлгодоггүй байлаа.  Тэгээд том болсон чинь “би санхүүгээр оролдоогүй байхад санхүү надаар оролдоод эхэлвээ” хөөрхий.

Би уг нь дээд сургууль төгсчихсөн бас хөөрхөн биеэ тоосон сэхээтэн тул өөрийн чаддагаараа амьдарна гээд мэргэжлийнхээ дагуу нэг компани байгуулаад дороо л захирал болоод авлаа. Хүнтэй танилцахад “Арвин их мөнгө” компаний захирал ... гэж ирээд сүртэй танилцах сайхан шүү дээ. Бүх юм сайхан боллоо гэж бодох тэрхэн агшинд бүх юм эхлэж байсныг би гээч хүн хэрхэн мэдэх билээ.

Компани байгуулахтай зэрэгцээд л өрөө байр түрээслэх, өөрийгөө цалинжуулах, өмнөө тавих компьютер авахаас эхлээд л мөнгө төгрөгний түмэн асуудал, жуман шаардлага бий боллоо. Компани байгуулсан болохоор та бүхэн дэмж гээд найз нөхөд, хамаатан садан, аав ээжээсээ гуйж нэг, гуядаж нэг авсаар эхний ээлжинд тов хийсэн өрөөтэй, тэв хийсэн захирал болоод авлаа.

Багын л аман хичээлд сайн байсан болохоор орлого, зарлага зэргийг цээжлээд л яваад байлаа. Тэр тийм юм өгсөн, тэр тэдэн төгрөг өгсөн аан харин тийм юм авах гэж тэдэн төгрөг үрсэн, тэрэнтэй хоол идэхэд тэчнээн янчаан үрсэн гээд санхүүгийн бүх асуудлыг сампингаас хамаагүй дээр төрсөн тогойгоороо аргалаад яваад байлаа хө.

Тэгсэн гэнэт л нэг өдөр дүүргийн татварын газраас ярьж байна та тайлангаа өгнө үү? Хэмээх үг чихэнд түннннннн гээд нэг их том хонхон дотор орцон мэт сүртэй хангиналаа.

Ингэж л миний санхүүг ялах уу? ялагдах уу? хэмээх эцэсгүй их тэмцэл эхэлсэн юм даа. 

Татварын аниаг ярих яг тэр агшинд нээх том аюул нөмрөөд авах шиг болж байсан боловч тун удалгүй тайвшраад “за би ямар хулгай хийж, худлаа ярьсан биш ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон хэдээ эмхэлж бичээд л болоошд” гэсэн уужим санаа орж ирсээр нэг их цэлмээд явчихав.

Тэгээд өнөөх муу тархиныхаа хэдэн нугачаанд байгаа орлого, зарлага бүхнээ цувуулаад бичиж гарлаа. Тэгсэн одоо нөгөөх “шилжилтийн нас дуусмагц насны доройтол залгана” гэдэг нь болж байгаан байлгүй зарим нэг зүйл дээр ихээ муухай будилж байна. Юун нөгөө сампингаас сайн толгой байхав.

Амьд хүн аргатай хойно арзгар толгойгоо маажиж байгаад “Алимаа, Алимаа” хэмээн эгээ л нэг Эврика гэж байгаа аятай орилон босч ирлээ. Санхүүгийн сургууль төгсөөд одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа “ширээ хам” минь аминд орохгүй хаачихав гээд захын дэлгүүрээс вино, набор хоёр аваад ажил дээр нь нүүр дүүрэн инээд тодруулсаар яваад очлоо.

Хэрэг, зоригийг маань сонсонгуутаа тийм нэг тээршаасан царай гаргасан боловч аргагүй ангийн хүүхэд тул илчилсэнгүй бололтой миний нөгөө “Итгэлт баяны данс” шиг хэдэн цаасыг эргүүлж тойруулж үзсэнээ компьютрээ асаагаад нэг вэб нээн САНХҮҮ.МНгэж ийм сайт байдаг юм. Үүнтэй сайн танилцаад өөрийнхөө ойлгосны хэмжээгээр энэ зүйлсээ янзлаад ир гэчихээд хар цагаан дуугүй ажлаа хийгээд суучихлаа.

Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр тэр оройжингоо, шөнөжингөө САНХҮҮ.МН-ийг эргүүлж тойруулаад нүдээ ногоортол харлаа. Санхүүгийн холбогдолтой видео хичээлүүдийг үзлээ,  санхүүгийн хэрэг болох файлууд ч татаж авлаа, мэдэхгүй зүйлсүүдээ асууж үзлээ. Санхүүгийн ажил чинь баримт цуглуулахаас л эхэлдэг юм байна гэдгийг сайтар ойлгож авав. Тэгж тэгж албаны хүнтэй ярьвал хэлчих хэд гурван санхүүгийн нэр томъёотой болоод маргааш өглөөнөөс нь эхлээд “чухал” хэмээн бат итгэсэнсанхүүгийн баримт гээч зүйлийн эрэлд гараад гүйчихлээ.

За тэгээд зарим нэгээс нь албан маягаар заримаас нь ч албадах маягаар арай гэж хэдэн санхүүгийн баримт цуглуулаад өнөө найз дээрээ буцаад очтол өнөө олсон хэдийг маань бүүр нэг халдварт бодис барьж байгаа мэт нааш цааш хэд онгичиж харснаа “Чи ер нь санхүүг нэг л тоглоом гэж ойлгоод байнаа даа. Тайлан гаргахад энэ чинь хангалтгүй байна. Боломжтой бол сайн нягтлан аваад энийгээ хийлгээрэй. Найз нь өөрийнхөө хэдэн тайланг яаая гэж байна. Уучлаарай” гээд үгийн зөрөөгүй бас л эргэж хараад суучихлаа.

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч нь болсон би нэг удаадаа татварын аниаруугаа ярьж аргалах гэж үзлээ. Тэгсэн “хүү минь татварынхаа тайланг цаг тухай бүрд өгч байхгүй бол тэр чинь өр болоод эцэстээ дааж давшгүй торгуульд унадаг юм шүү” гэж заах, занах хоёрын дундуур хэлээд нуруу руу хөлс урсгав.

Айдаа юмгүй байх хэцүү, юмтай байх бүүр ч хэцүү ажээ. Ингэж мэдэхгүйн там болж байхаар санхүүгийн мэдлэг олгох нэг сургалтанд сууя даа гэсэн хачин зөв бодол толгойд энэхэн үед л анх удаа орж ирж билээ.

Хэрэв та бүхэн миний түүхээр бичигдсэн цуврал бүрийг уншиж чадвал магадгүй санхүүгийн ертөнцөд хийсэн өөрийнхөө түүхтэй, өрөөлийн паянтай, бусдын амжилттай, буруутсан нэгний сургамжтай таарах болно шүү. Хамт байгаарай.

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг.Иймдта санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд(Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа