АУДИТОР ЗӨВЛӨЖ БАЙНА: САНХҮҮГ АМЖИЛТТАЙ УДИРДМААР 4 САНАА

  1. Хувийн санхүүгийн сахилга бат

    Таны компанийн данс таны хувийн болон гэр бүлийнхээ худалдан авалт хийдэг данс биш гэдгийг сана.
    Компанийн данс бол бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдах данс юм. Зарим захирлууд хувийн хэрэглээ/гадаад аялал, хоол, бэлэг дурсгал/, гэр бүл /утас, интернет, лагерь түрээс, гэртээ авсан зурагт, хөргөгч, 00 цаас, оо, угаалгын шингэн, гэр бүлийн аяллын шатахуун г.м /-ийн зардлаа компанийн данснаас төлсөн тохиолдлууд байдаг. Энэ нь санхүүгийн тайлан бэлтгэж буй нягтлан бодогчид хүндрэлтэй байдлыг бий болгоод зогсохгүй Компанийн ажилчдын дунд сөрөг ойлголтыг бий болгож байдаг.
    Та бизнесээ удирдаж байгаагийн төлөө авч буй цалингаар л хувийн хэрэглээгээ хангаж байх шаардлагатай. Харин зардлын оновчтой хэмнэлтийн дараах ашгаа хэрхэн зарцуулах нь бизнесийн эздийн өөрсдийн асуудал юм.

     
  2. Компанийн санхүүгийн соёлыг бий болго

    Компанийн санхүүгийн соёлын энгийн ойлголт нь ажилтнууд худалдан авалт хийхдээ анхан шатны баримтыг иж бүрэн бүрдүүлдэг байх, түүнийг нягтлан бодогчид хүлээлгэн өгч мөнгөн урьдчилгааны тооцоог хийж дадсан байх юм.
    Аливаа байгууллагад үйл ажиллагааны онцлогоос хамааран санхүүгийн онцлог соёлыг бий болгож, дадал зуршил болгосноор нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж байдаг.

    Жишээ нь:
    • Сар бүрийн 30-ний өдөр тухайн сарын бүх борлуулалтын ebarimt-ыг шивсэн байх ёстой.
    • Сард 2 удаа авлага цуглуулалтын тогтсон өдөртэй байх
    • Худалдан авалт хийхэд заавал бүрдүүлэх анхан шатны баримтын жагсаалт нь бүх ажилтнууд нүдэнд харагдахуйц газар байлгах
    • Цалингийн мэдээллийн нууц хадгалалт, цалингийн тооцооллыг сар бүр ажилтан бүрд илгээдэг байх
    • Касс, хөрөнгийн хяналтын тооллогыг тогтмол хийдэг байх

       
  3. Нягтлан бодох бүртгэлийн програм ашигла

    Сайн програм нь санхүүгийн үйл ажиллагааг хөнгөвчилж, нягтлан бодогчид дотоод хяналтын ажлаа хийхэд цаг гаргаж өгдөг. Сүүлийн үеийн програм хангамжууд санхүү, татварын тайлан бэлтгэх процессын 80-85хувийг автоматаар гүйцэтгэдэг болсон.
    Нягтлан бодогч нар ажил гүйлгээг бүртгээд 1 товч дарахад л тайлан бэлтгэгддэг хэмжээнд хүрч байна.

     

  4. Нягтлан бодогчийн бэлтгэсэн тайланг зөв унш, шийдвэр гаргалтад ашигла

    Санхүүгийн тайлан нь бизнесийн толь, хэл болж байдаг. Бизнес эрхлэгчийн гаргасан шийдвэрийн тусгал нь санхүүгийн тайлан дээр тод харагдаж, богино хугацаанд дараагийн алхмыг хийх боломжийг олгож байдаг.

    Харин санхүүгийн тайлан нь дэлхий даяар нэг стандартаар бэлтгэгдэж байгаа учраас санхүүгийн тайлангаар дамжуулан хөрөнгө оруулагч, зээлдэгч, бизнесийн түншүүд тань танай байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцаж байна.

    Иймд санхүүгийн тайланг зөв унших талаарх бага ч гэсэн мэдлэгийг олж авах, эсхүл чадварлаг зөвлөхтэй хамтран ажиллах нь оновчтой юм.

    Таны бизнесийн ажилд амжилт хүсье.