Magic Travel 2024
- 2024-12-10
- Групп , Сургалт , ТМЗ , Аудит ,
Мэжикийн гэр бүлийн гишүүд бид 2023 оны 01 сараас эхлэн компанийн нийт ажилтнууд “ГАДААДАД АЯЛАХ” зорилго тавьж хуримтлал үүсгэж эхэлсэн билээ. Бид энэхүү зорилгоо биелүүлээд 2 дах удаагаа хамт олноороо амжилттай аялаад ирсэн байна.
Бид 2024 оны 11 сарын 23-ны өдрөөс 12 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд АМЬДРАЛ БОЛ ДУРСАМЖУУДЫН ХЭЛХЭЭС... уриа дор нэгдэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт салбарынхан, нийтдээ 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хөх хот-Чанша хот -Жанжиажэ хот- Саньяа хот гэсэн аяллын төлөвлөгөөгөө гаргаж, 10 хоногийн турш үзэсгэлэнт хотууд, байгалийн өвөрмөц тогтцыг гайхан бишрээд амжилттай аялж, хөгжилтэй дурсамжуудтай ирлээ.
Аяллын хөтөлбөрөөс товч танилцуулбал:
Улаанбаатар хотоос 11 сарын 23-ны өдөр Галт тэргээр Замын үүд, аяллын автобусаар Эрээн хотоос Хөх хотыг зорин тус хотод очиж зочид буудалдаа байрласан. Тус хотод бид хамтдаа оройн хоолоо идэж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлж, аяллынхаа нээлтийг хийж өнгөрүүлсэн.
Маргааш өдөр нь бид Чанша хот руу нислэг хийж, зорьсон газартаа очсон билээ.
Дараа өдөр буюу 11 сарын 26-ны өдөр Жанжиажэ хотын урд зүгт байрладаг алдарт “Тэнгэрийн хаалга” буюу Тианмэн уулыг үзэхээр автобусандаа суун замдаа гарсан. Тианмэн уулын өндөр нь 1519 метр, дэлхийн хамгийн урт 7455 метр агаарын дүүжин замаар Тэнгэрийн хаалга уул, байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин өгсдөг, мөн 99 нугачаат замыг үзэж сонирхох боломжтой. Байгаль нь үнэхээр биширмээр үзэсгэлэнтэй байсан.
11 сарын 27-ны өдөр Жанжиажэ" Ойн хүрээлэнд байрлах дэлхийн гадна талбайн хамгийн хурдан Байлун шилэн цахилгаан шатаар 1,58 сек-ийн дотор 326м өндөрт гарч, Хадан гүүр, Азын нуур гэх мэт байгалийн сүр хүчийг харуулсан өндөр хад, асгуудыг үзэж сонирхсон. Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч хадан уулсыг харахад дуу алдам үзэсгэлэнтэй байсан.
11 сарын 28-ны өдөр Бид үлгэрийн мэт “Шар луун агуй”-аар аялсан. Энэхүү агуй нь дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй бөгөөд ЮНЕСКО-н мэргэжилтнүүд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй агуй хэмээн сайшаадаг гэнэ. Тус агуйгаас өөртөө болон гэр бүлийнхэндээ дурсгалтай зүйлс худалдан авалт хийсэн.
Дараа нь бид Жанжиажэ Гранд Канионд байрлах Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт баригдсан Шилэн гүүрээр сэтгэл догдлуулж, зүрх булгилуулсан аяллыг хийсэн. Мөн экстрем аяллын хөтөлбөр сонгон 5 төрлийн тоглоом дээр тоглож, стрессээ тайлж, эерэг энергиэ хангалттай цэнэглэж авсан.
Оройн нь бид Чанша хотоос Саньяа хот руу нисэж, зочид буудалдаа амарцгаасан.
11 сарын 29-ны өдөр Аtlantic water world усан парк дээр бид бүхэл өдрийг зугаатай, хөгжилтэй, бас супер мэдрэмж авч дурсамжтай чөлөөт цагийг өнгөрүүлсэн билээ.
Бид 11 сарын 30-ны өглөө Яалунвань далайн эргийг зорьж, далайн эрэгт тоглож, чөлөөт цагийг өнгөрүүлсэн. Мөн гүний шумбалт, завиар аялал хийж хамгийн гоё дурсамж бүтээцгээсэн.
12-р сарын 01-ний шөнө Бид Саньяа хотоос Хөх хот руу өдрийн турш нислэг хийж, Хөх хотоос Эрээн хот руу аяллын автобусандаа суун буцах замдаа орсон билээ.
12-р сарын 02-ны орой Замын- үүдээс галт тэргэндээ суун аяллын хөгжилтэй явдлуудыг ярилцан Улаанбаатар хотдоо буусан юм.
Хоёр дахь удаагийн гадаад дахь аяллын хөтөлбөрийг боловсруулж, амжилттай зохион байгуулсан Дархан салбарын хамт олон, хамт аялсан хамт олондоо, аялахыг дэмжсэн гэр бүлүүдэд нь, тусалсан, ар даасан бүх хүмүүстээ баярлалаа.
Мөн бидний аяллын ивээн тэтгэсэн компаниуд болох “Хөвсгөл центр” ХХК,“Өнө монгол гэр” ХХК-ны хамт олондоо баярласан талархсанаа дахин дахин илэрхийлье.
Бүгдэд нь ажлын өндөр амжилт хүсье.