Цэцээ гүн рүү алхсан 17км аялал

     Magic Choice санхүү бизнесийн сургалтын төв нь жил бүр суралцагчдын дунд хөгжилтэй, зугаатай тэмцээн уралдаануудыг зохион байгуулж ирсэн билээ. 2019.06.15-ны өдөр Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн ажилтнууд,  1479-1480-р ангийн төгсөгчид болон бусад суралцагчид хамтран Богд уулын Цэцээ гүний оргил руу алхах сайхан аялал зохион байгуулсан юм.

     Бид өглөө 9 цагаас цуглан автобусандаа суун хөдөлж,  Яармагийн Сансар супермаркетаас хүнсээ базаан Төв аймгийн Манзушир хийд дээр ирэхэд 11 цаг болсон байлаа.

     Компаний төлөөлөл, 2 багш маань суралцагчиддаа хандан үг хэлж сертификат гардуулах үйл ажиллагаа эхлүүлж уламжлалт ёсоор торт, оргилуун дарс задалсан юм. 12 цаг гэхэд бид Цэцээ гүний оргил руу алхаж эхэлсэн ба суудлын ажил хийдэг хүмүүсийн хувьд нэлээн өөрсдийгөө сорьсон том даваа байлаа. Аз болоход тэнгэр бүрхэг, сэрүүхэн, хааяа хааяа бороо шивэрсэн тун тааламжтай өдөр байсан. Цэцээ гүний оргилд 2 цаг 30 минут алхаж хүрсэн ба орой дээр ширүүн  бороотой, сэрүүхэн байв. Уулын уруу буухад арай хурдан 2 цаг гаран явж автобус дээрээ ирээд, хэсэг зуур амарч, бэлдэж ирсэн хүнсээ идсэний дараа багш нар хүмүүсийг 4 багт хуваан 3 төрлийн хөгжилтэй тоглоом тоглуулсан. Тоглоомууд тун сонирхолтой байсан ба хожсон багууд шагналаа авч бүгд автобусандаа суун УБ хотын зүг 18 цагийн үед хөдөлсөн юм.

     Дашрамд дурдахад манай сургалтад “Алтангадас” ХХК-ийн 8 хүн суралцаж төгссөн ба тэд маань гарын хоолоо хийн авчран бусдыгаа дайлж, компанийнхаа талаар мэдээлэл өгч хөгжилтэй сайхан цагийг өнгөрүүлсэн. Бид бүхэнтэй нэг өдрийг эрүүл агаараар дүүрэн өнгөрүүлсэн бүх суралцагчид, хамт олондоо баярлалаа.                 

Сургалтын хэлтсийн хамт олноос 2019.06.15